Төв

 Ноён уулын Хүннүгийн булш (Төв аймгийн Батсүмбэр сум)
    Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь Хүннү судлал юм. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгосын хойгт хүрч байв. Хүннү нар нь Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Түүхэнд нэрээ дуурсгасан Хүннүгийн археологийн дурсгалыг малтан шинжлэх ажлыг эхлүүлсэн судлаач бол Ю.Д.Талько Грынцевич юм. Тэрээр 100 орчим булшийг малтаж судлаж байжээ. Хүннүгийн түүх соёлын ул мөр, булш бунханууд Монгол нутагт олон. Үүнд: Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Эгийн гол, Туул голын хөндий Морин толгой, Бага газрын чулуу гэх мэт олон дурсгалт газрууд бий. Эдгээрийн дотроос Ноён уулаас олдсон олдворууд чухал байр суурьтай. 1912 онд Богд хаант Монгол Улсын нийслэл Өргөөгөөс хойш 130 гаруй км-ийн зайд орших Хараа голын эх Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны "Монголор" нийгэмлэгийн техникч А.Баллод /Болд ч гэдэг/ гэгч буриад эр олж харжээ. Тэрээр алт хайж яваад Журамтын амны эхний том нүхийг ухаад үзтэл эртний булш илэрсэн гэдэг. Энэ мэдээллийн дагуу Оросын ШУА-ийн шинжээчид ирэх гэтэл дэлхийн I дайн эхэлсэн учир ирэх боломжгүй болжээ. Үүнээс хойш 1924-1925 онд оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Түвдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон юм. П.К.Козловын экспедици Ноён уулын зургаан булшийг малтаж ховор олдворууд олжээ.
              burial1   burial2

    No comments:

    Post a Comment